Дон Боско Монгол

Агнес гэгээнтэн, цэвэр охин ба тарчлагч – 1 дүгээр сарын 21

Аяа, төгс хүчит мөнхийн Тэнгэрбурхан минь. Та хүчит нэгнийг ялахаар мөхөс нэгнийг сонгосон тул тарчлагч Агнес гэгээнтний тэнгэрт мэндэлсэн өдрийг тэмдэглэж буй бид итгэл бишрэл дэх түүний тууштай сэтгэлийг дагахыг Та болгоон соёрхоно уу.

Агнес гэгээнтэн Ром хот дахь Минерва хэмээгч дарь эхийн тахилт ширээ рүү сан тавихаар хөтлөгдөн очих үедээ арван хоёрхон настай байжээ. Гэвч тэр Есүс Христэд хандан гараа өргөж Загалмайн тэмдэг хийж байв.

Цэргүүд гар хөлийг нь хүлэхэд залуухан бөгөөд нарийхан бугуйнаас нь гинж мултарч байжээ. Өвдөлтөөс айхгүй байгааг нь харсан шүүгч хувцсыг нь тайлан авч, бурхдыг шүтдэг олны өмнө нүцгэлжээ. “Христ өөрийнхнийгөө сахин хамгаалах болно” хэмээн тэр хашхирч байлаа.

Хурсан олон түүнээс харц далдирч нүд буруулж байхад харин тэнд байсан нэг залуу гэмт бодол өвөрлөн түүн рүү шүлэнгэтэн харж байв. Тэгэхэд аянга бууж түүний нүдийг сохолжээ.Агнесыг нэгэн баян залуутай гэрлүүлэх гэсэн боловч “Христ бол миний нөхөр. Тэр намайг эхлэн сонгосон. Би түүнийх байх болно. Тэр хишиг ивээл ба эрдэм буянаар миний сүнсийг төгс төгөлдөр болгосон. Би тэнгэр элч нарын үйлчилдэг түүнийх юм” гэж тэр хэлжээ.

Тэр залбирсныхаа дараа тэргүүнээ бөхийн илдний өмнө сөхрөн суужээ. Нэг далайлтаар толгой нь тасарч, тэнгэр элч нар сүнсийг нь авч оджээ.

Агнес буюу агнус гэдэг нь латин үгнээс гаралтай бөгөөд хурга гэсэн утгыг илтгэж, залуу гэгээн охины өгөөмөр дөлгөөн занг бидэнд сануулж байдаг

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.