Дон Боско Монгол

Бр.Симон: Тэнгэрбурхан түүнийг Монголруу дуудсан


2025 онд Дон Боскогийн Салешиануудын Ерөнхий Захирал Монгол Улсад зориулсан сайхан мэдээг дуулгалаа. Тэрээр Монголруу нэгэн шинэ шашин дэлгэрүүлэгчийг илгээжээ. Бид Тэнгэрбурханы дуудлагаар Монголд ирэхээр болсон бөгөөд удахгүй манай оронд хүрэлцэн ирэх Бр.Симонтой товчхон ярилцлага бэлтгэлээ.

1. Та бидэнд өөрийн гэр бүл, хүүхэд нас болон итгэлийн тухай хуваалцаж болох уу?

Миний нэрийг Симон Нгуен Тхань Санг гэдэг. Би Вьетнам улсаас ирсэн. Өнөр өтгөн гэр бүлд төрж өссөн. Манай ам бүл ес. Би аав, ээж, 3 ах, 2 эгч, 1 дүү охины хамт амьдардаг.

Би багаасаа итгэл бишрэлтэй гэр бүл дунд өссөн. Хүүхэд байхдаа шашны хичээлд суралцаж, Ням гараг бүр Талархал Магтаалын мөргөлд оролцдог байсан. Манай нутагт итгэлийн гүн уламжлалтай, хөршүүдийн ихэнх нь Христэд итгэгчид байсан. Тэд итгэлийн хувьд бие биенээ дэмжиж, сүмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зоригжуулдаг байсан. Тэд номлогч, шашин дэлгэрүүлэгчдээс уламжлагдан ирсэн ёс заншлыг маш сайн хадгалж ирсэн бөгөөд миний хамгийн тод санаж явдаг зүйл бол Сарнайн эрхин залбиралын сараар хамтдаа бүтэн сарын турш залбирдаг байсан явдал юм. Үүний ачаар миний итгэлийн амьдрал тэжээгдэж, улам гүнзгийрэн хөгжсөнд би талархаж явдаг билээ.

2. Та Салешианууд болон Дон Боскотой хаана, хэрхэн танилцсан бэ? Яагаад Салешиан болохоор шийдсэн бэ?

Би аспирантын байранд байх хугацаандаа ах дүүстэйгээ хамт амьдарч, суралцан, маш баяр хөөртэй өдрүүдийг өнгөрүүлсэн. Сарнайн эрхин залбирал залбирсаны дараа санваартан эсвэл сахилт ах нар бидэнд “оройн яриа” ярьж өгдөг байсан нь надад үнэхээр их таалагддаг байв. Өдөр ирэх тусам зүрх сэтгэл минь аажмаар хөдөлж, тэр үед Салешианы нийгэмлэгт өөрийгөө зориулах дуудлагын талаар бодож эхэлсэн. Хэдэн жилийн дараа их сургуулиа төгсөөд, өөрийн дуудлагын талаар ихэд эргэлзэж байлаа. Нутаг буцаж ажилд ороод гэр бүлтэй болох уу, эсвэл Салешианы бэлтгэл сургуульд элсэж (pre-novitiate) орох уу гэдэг сонголтын өмнө зогссон. Тэр үед хариуцаж байсан санваартны зөвлөгөөний туслалцаатайгаар би дуудлагынхаа тухай цаашид үргэлжлүүлэн судалж үзэхээр шийдсэн юм.

Хэдийгээр өөрийгөө бүрэн зориулах дуудлагад хараахан итгэлтэй болоогүй байсан ч Тэнгэрбурхан надаас яг юу хүсэж байгааг мэдэхийг хүссэн хэвээр байлаа. Сахилтны сургуульд суралцах хугацаанд би өөрийнхөө талаар, Салешианы сүнслэг байдал, сахилт ах нарын амьдралын тухай олон зүйлийг нээж ойлгосон. Ялангуяа Салешианы сургуульд сурч байх үеэр Евхаристийн өмнөх хувийн залбирлын цагуудаар дамжуулан дуудлагаа тодорхой ялган танихад надад чиглүүлэг өгсөн. Ингэснээр би Дон Боскогийн Салешианы дуудлагад өөрийгөө зориулахыг Тэнгэрбурхан надаас хүсэж байгааг ухаарч, 2022 онд анхны амлалтаа өргөсөн юм.

3. Дон Боскогийн ямар зан чанар, үзэл санааг та хамгийн ихээр хайрлаж, биширдэг вэ?

Миний Дон Боскогоос хамгийн ихээр хайрлаж, биширдэг зүйл бол түүний баяр хөөртэй өөдрөг сэтгэл юм. Чухам энэ сүнслэг чанар нь түүнийг Тэнгэрбурханы хүслийг биелүүлэхийн төлөө өөрийн цаг үеийн олон бэрхшээл, сорилтыг зоригтойгоор даван туулахад тусалсан гэж би боддог. Тэр энэ сүнслэг байдлыг амьдралынхаа туршид авч явсан бөгөөд өнөө цагт, ялангуяа итгэл найдвараа алдаж буй залуус олонтой энэ үед, энэхүү чанарыг би өөрөө суралцаж, амьдралдаа хэрэгжүүлэх нь зайлшгүй чухал гэдгийг ойлгосон. Түүнчлэн энэ нь миний хувийн амьдралд ч маш хэрэгтэй юм.

4. Та номлогч болох дуудлагаа хэрхэн олж мэдсэн бэ? Яагаад номлогч болохыг хүссэн бэ?

Салешианы сургуулийн бэлтгэл эхний хоёр жилийн хугацаанд би олон сүнслэг байдлын ном судалж, уншсан боловч яагаад ч юм шашин дэлгэрүүлэх ажилтай холбоотой номнуудад илүү татагдаж байгаагаа анзаарсан. Эхэндээ үүнийг зүгээр л шинэ зүйлсийг нээж мэдэх сонирхол, тодорхой нэг газрыг танин мэдэх дуртай зан маань гэж боддог байлаа. Харин Салешианы сургуульд суралцах үед номноос уншсан түүхүүдээс гадна Салешианы (SDB) номлогчийн тухай олон бодит түүхийг сонсох боломж надад олдсон юм. Тэр үед миний дотор ямар нэг зүйл хөдөлж, энэ нь зүгээр нэг сониуч зан биш, харин илүү эрхэм, гүн утгатай зүйл мэт санагдах болсон. Энэ хугацаанд би мөн олон ариун сэдэвт кино үзсэн бөгөөд тэдний дунд Суданд үйлчилж байсан номлогч санваартан Ли-гийн тухай кино болон бусад олон бүтээл байлаа. Тэр мэдрэмж, дотоод дуудлага улам бүр хүчтэй болж, энэ нь ердөө сониуч зан биш гэдэгт би итгэлтэй болсон. Би энэ бүхнийг өөрийн Салешианы сургуулийн багштайгаа хуваалцаж, тэр надад илүү их залбирч, ялган танихыг зөвлөсөн. Улмаар Салешианы сургуулийн бэлтгэл үед ч би номлогчийн дуудлагатай байхыг Тэнгэрбурханаас гуйж залбирсаар байсан. Номлогчийн амьдрал амаргүй гэдгийг мэдэж байсан учраас зарим үед тэр дуудлагыг мартахыг хүсдэг байв. Гэвч тэгэх бүрд сэтгэлийн амар тайван алдагдаж, харин үүнийг Тэнгэрбурханы дуудлага хэмээн хүлээн зөвшөөрөх үед л жинхэнэ амар амгаланг мэдэрдэг байлаа. Тэр үед нэг санваартан өөрийн дуудлагынхаа тухай хуваалцаж байсан үг надад байнга санаанд ордог байсан юм. Тэрээр “Хэрэв Тэнгэрбурхан чамайг сонгосон бол, чи түүнээс зугтаж чадахгүй” гэж хэлсэн. Ийнхүү философийн гурван жилийн сургалтаа дүүргэсний дараа би номлогчийн дуудлагад өөрийгөө зориулахаар шийдсэн. Би номлогчоор илгээгдэх хүсэлтээ бичиж өгсөн бөгөөд уг хүсэлт минь хүлээн зөвшөөрөгдсөн юм.

5. Таныг Монгол Улсад илгээсэнд та гайхсан уу? Та Монголын талаар юу мэдэх вэ? Тэнд очоод юуг хүсэн хүлээж байна вэ?


Монгол Улсад илгээгдэнэ гэдгээ сонсоход би их баярласан ч бага зэрэг санаа зовсон. Учир нь тэндхийн цаг агаар нэлээд хатуу ширүүн гэж сонссон юм. Гэсэн хэдий ч Монгол орон тал нутгийн зоригт ард түмний олон зуун жилийн уламжлалтай, мөн шашин шүтлэгт мэдрэмжтэй улс гэдгийг би мэднэ. Тиймээс би хурдан дасч, Монголын ард түмний дунд Салешианы сүнслэг амьдралыг идэвхтэй, амьд байдлаар амьдран хэрэгжүүлнэ гэж найдаж байна.

6. Таны “амьдралын уриа” эсвэл хамгийн хайртай Библийн эшлэл юу вэ?

Миний хамгийн дуртай Библийн эшлэлүүдийн нэг бол: “Миний нигүүлсэл чамд хангалттай” (2 Коринт 12:9) юм. Энэ нь Тэнгэрбурханы төлөө ажилладаг хүмүүст өгсөн амлалт гэж би ойлгодог. Энэ эшлэл Тэнгэрбурхан хаана ч, хэзээ ч надтай хамт байгааг сануулдаг. Тэр намайг зориулагдсан амьдралдаа илүү хүчтэй байж, Түүнд итгэхийг дуудсан.

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.