Дон Боскогийн хүүхэд нас
Дэлхий дээр Дон Боског хүүхэд залуучуудын багш, сурган хүмүүжүүлэгч мөн хэн хүнээс илүү хүүхэд залуучуудын сэтгэлийг ойлгодог найз шиг амьдралын зөв замыг зааж өгдөг аав шиг хүн гэж алдаршсан. Иохан 1815оны 8 сарын 16нд Италийн эртний нийслэл Ториногийн хөдөөгийн Бэки тосгонд ядуу тариачны хүү болж мэндэлжээ. Аав нь Дон Боског 2 настай байхад тариалангийнхаа ажлыг хийж байгаад хөлсөө хатаалгүй гэрийнхээ хүйтэн зоорь руу орсны улмаас уушгины хатгаа тусч нас баржээ. Тэгээд ээж Маргарет нь 70настай хадам ээж, мөн нөхрийнхөө хүү Антонио болон дунд хүү Иосеф, отгон хүү Иохан Боско нартай үлджээ.
Номонд дурласан Иохан Боског эцэг нэгтэй ах Антонио нь ажил хийлгэхийг хүсч сургуульд явахыг эсэргүүцэж байлаа. Ээж нь зориглон шийдвэр гаргаж Иохан Боског Киер хэмээх жижиг хот руу сургуульд сургахаар явуулав. Иохан тариалангийн ажил, хөлсний ажил, гуталчин, оёдол, дэлгүүрийн худалдагч, кафед зөөгч зэрэг янз бүрийн ажил хийдэг атлаа хичээлээ хэзээ ч орхигдуулдаггүй байжээ.
Ажил үйлс
Тэрээр Католик санваартан болох хүсэлтэй байсан ба Шашны сургуульд ч оров. 1845онд буюу 26насандаа санваартан болж “Дон Боско” гэж (DON нь морьтон цэргийн цол байсан ба хожим нь Католик шашны санваартан гэгдэх болсон)нэрлэгдэх болжээ.
Санваартан болоод ямар ажил хийх вэ гэж бодож байсан тэрээр хамгийн түрүүнд хүүхдийн хорих ангид хоригдож буй хүүхдүүд дээр очиж уулздаг болов. Тухайн үед Италийн нийгэм аж үйлдвэржилтийн ид үе өрнөж байсан тул хөдөөнөөс хот руу ирж ажил хийх хүсэлтэй хүүхэд залуучууд замбараагүй олон болсон байлаа. Хотод амар тайван амьдрах ч газаргүй хөдөөний залуучууд гэмт хэрэгт амархан өртөж байсан ба хорих ангиуд үргэлж л дүүрэн байдаг байлаа. Боско санваартан эдгээр нийгмээс хаягдсан хүүхдүүдийг харж халамжлан, хажуудаа байлгаж, сайн эзэний дор ажил хийлгэж, сайн иргэн ба сайн Христчинээр дахин төрүүлж болдог гэдгийг өөрийн биеэр харуулсан юм.
Мөн ямар ч асран хамгаалах хүнгүй хөвгүүдийн төлөө “Оратори” гэж нэрлэдэг дотуур байр байгуулж хоол ундаар ханган, ажлын байранд гарахад шаардлагатай ур чадвар болон бусад хичээлүүдийг зааж эхлэв. Мөн сургууль, хэвлэлийн газар байгуулж мэргэжил эзэмшүүлэх эхлэлийг тавьсан байна.
Тэрээр тухайн үед найрал хөгжмийн хамтлаг байгуулж, хүүхэд залуучуудын сэтгэлийг хэн хүнээс илүү ойлгодог санваартан болсон. Тэрээр хожим нь “Салешин бүлгэм” хэмээх хүүхэд залуучуудын боловсролыг хариуцсан бүлгэмийг байгуулсан ба өнөө үед түүний бүх бие сэтгэл ба түүний үзэл бодлын дагуу ажиллаж буй 15600 гаруй гишүүд бий. 132 улс оронд Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн төв, Мэргэжлийн сургууль, Ерөнхий боловсролын сургууль, Хүүхэд залуучуудын төв, Дадлагын төв зэрэг нь хүүхэд залуучуудын боловсролд ач тустай үйл ажиллагаа явуулж байна.