Дархан

Darkhan-don bosco

Эрхэм зорилго

Бидний ирээдүй болсон хүүхэд залуучуудад Дон Боскогийн “Урьдчилан хамгаалах боловсрол” – д тулгуурлан мэдлэг чадвар , хүсэл тэмүүлэлтэй, хүмүүнлэг, энэрэнгүй, эрүүл, соёлч боловсон, хөдөлмөрч, бие хүн болгон төлөвшүүлэхэд бидний эрхэм зорилго оршино.

Дархан Дон Боско төвийн танилцуулга

Сэйнт Жон Боско Сургалтын төв  2005 онд  Дархан– Уул аймагт үүд хаалгаа  нээсэн юм. Манай төв нь Монгол улсын  боловсролын багц  хууль , түүнтэй нийцүүлэн үйл ажиллагаагаа  явуулдаг. Өнөөдрийн хичээл маргаашийн амьдрал уриан дор хүүхэд залуучуудад Компьютер, Англи хэл, Уран зургийн боловсрол олгох  юм. Манай байгуулага нь «Нийгэмд үйлчлэх төрийн бус” байгуулага тул аль болох нийгмийн эмзэг давхрага, сурч боловсрох хүсэл сонирхолтой боловч санхүүгийн байдлаас болоод сурч чадахгүй байгаа хүүхдүүдэд илүүтэй анхаарлаа хандуулахыг хичээн ажилладаг.Манай төв нь нэг ээлжиндээ 60 гаруй хүүхэд суралцах зориулалттай Англи хэл, Комьютер, Уран зургийн тусгай тоноглогдсон кабинетуудтай өглөө, өдөр, орой гэсэн  3 ээлжээр хүүхдүүдийг хүлээн авч сургаж байна. Үүнээс гадна хүүхдийн хүмүүжил чөлөөт цагт зориулсан тоглоомын талбай , номын сан, чийрэгжүүлэх өрөө, гадаа дасгалын  төхөөрөмжөөр тохижуулсан.

Сургалтууд

Компьютерийн сургалтаар суралцагчид гарын дасгал хийж, хэрэглээний програмууд дээр болон зургийн програм дээр ажиллаж сурдаг. Ингэснээр тэд өөрсдийн хэрэгцээт баримт бичгээ хүссэн загвар дизайнаар хийж өөрийн болон бусад хүмүүсийн хэрэгцээг хангах чадвартай болдог.

Англи хэлний сургалтаараа бид сурагчиддаа ерөнхий Англи хэлний хичээл заагаад зогсохгүй бүх шатны түвшингийн сургалтанд суралцагчдын аялага дуудлаганд нь онцгой анхаардаг. Дүрмийн үндсэн мэдэгдэхүүнтэй болгохоос гадна яриа, уншлага, сонсгол, үгсийн сан зэрэг бүх чиглэлүүдийг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулан ажилладаг. Англи хэлийг заахдаа зөвхөн сурах бичгээр хязгаарлагддагүй сүүлийн үеийн техник тоног төхөөрөмж ашиглан проектороор сургалтаа явуулдаг. Сургалтын төгсгөлд суралцагч нар Англи хэлээр өөрийгөө танилцуулаад зогсохгүй үзвэр үйлчилгээний газар болон өдөр тутмын харилцан яриаг эзэмшсэн байх болно.

Уран зургийн дугуйлан маань сурагчдын урлагийн мэдрэмж, авъяас билгийг нь нээн хөгжүүлэх зорилготой. Олон жилийн дадлага туршлагатай багш цөөн хүүхдийг тухтай орчинд хүлээн авч тэдний сонирхолых нь дагуу хөгжүүлэхээр хичээн ажиллаж байна.

Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа боловсон өнгөрүүлэх авъяас чадвар, мэдлэгээ хөгжүүлэх зориулалтаар номын санг нээн ажиллуулаад 11 дэх жилийнхээ нүүрийг үзэж байна. 10 жилийн сурагчид манай төвийн сургалтанд хамааралгүйгээр номын санд ирж сурах боломжтой.

Чөлөөт цаг

Тэмдэглэлт баяр ёслол бүрээр хүүхэд залуучуудад зориулан тэмцээн уралдаан хөгжөөнт наадам зохион байгуулж багш , ажилчид өөрсдөө тэдэнтэй хамт тоглож өнгөрүүлдэг билээ.

Манай төв нь хүүхэд залуучуудын боловсролд анхаарахаас гадна тэдний хүмүүжил ёс суртахууны чөлөөт цагаар нь дамжуулан зөв чиглүүлэх зорилготойгоор  энэ сургалт үйл ажиллагааг явуулдаг. Мөн хүүхэд залуучуудад анхан  шатны тусламж үзүүлэх мэргэжлийн сувилагч , шийдвэрлэх асуудал гарсан үед нь мэргэжлийн нийгмийн ажилтан зөвөлгөө өгч тусалдаг